Төсөл хамрагдах гол шалгуур юу вэ?
Төсөлд хамрагдахад 1960-2000 онд баригдсан Угсармал хийцийн орон сууц байх, Газар хөдлөлтийн үнэлгээ хийлгэж тэнцсэн байх, Улаанбаатар хотын төвийн 6 дүүрэгт байрладаг байх, оршин суугчид нь 100% гарын үсэг зурсан байх гэсэн үндсэн шалгууруудтай
Төсөлд аль дүүргээс хамрагдах боломжтой вэ?
Улаанбаатар хотын төвийн 6 дүүрэгт буюу төвийн дулааны шугамд холбогдсон угсармал орон сууцууд хамрагдах боломжтой.
Тоосгон байшингуудыг дулаалах уу?
Энэ удаагийн төсөл зөвхөн угсармал хийцийн байшинг дулаална. Хэрвээ танай орон сууц тоосгон бүтэцтэй бол энэ удаагийн төсөлд хамрагдах боломжгүй юм.
Төслийн баг ямар туршлагатай вэ?
Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн баг энэ төслийн хэрэгжүүлэгчээр ажиллаж байна. Эрчим хүчний салбарт манай байгууллага цөөнгүй төсөл хэрэгжүүлсэн туршлагатай. Монгол улсад анх 2007 онд угсармал байшин дулаалах ажлыг хийж гүйцэтгэсэн. Тухайн үед дулаалсан барилга одоог хүртэл эрчим хүчийг 30 гаруй хувь хэмнэсээр байна.
Манайх саяхан балконоо шинээр засаж янзалсан юмаа. Орон сууц шинэчлэх ажлын хүрээнд манай балконы шинэчлэх үү?
Төслийн хүрээнд барилгын ханын бүхий л хэсгийг дулаалж шинэчлэх ажилд хийгдэнэ. Үүнд балконы ханыг дулаалж, шинэчлэх ажил хийгдэнэ. Гэхдээ танай Балконы буулгахгүйгээр дотор талаас нь шинэчлэлийн ажил хийгдэх боломжтой бол буулгахгүй.
Төслийн зүгээс манай байрыг дулаалахад юу юу шинэчилж байгаа вэ?
Төслийн хэмжээнд хийгдэж байгаа хөрөнгө оруулалтыг зөвхөн барилгын дээвэр, ханыг дулаалах, эрчим хүчний хэмнэлт бүхий холигч насос болон дулааны тоолуур зэргийг суурилуулах зэрэг шинэчлэх ажилд зориулахаар төлөвлөөд байна.
Дулаалах ажлын хүрээнд манай цонхыг солих уу? Цонхоор салхи сийгээд байдаг юм.
Цонхны хувьд орон сууцны иргэдийн сонголтоор хийх бөгөөд иргэдийн санал нэгдсэн тохиолдолд иргэд нэмэлт төлбөр төлж шинээр цонх суурилуулах боломжтой.
Төслийн зүгээс хийгдэж байгаа зарим зүйлсийг нь хийлгэхгүй байж болох уу? Учир манай байрын дээврийн хар цаасыг солиод удаагүй байгаа юм.
Дээврийн хар цаас гэдэг нь тухайн байшинг бороо уснаас тусгаарлах, хамгаалах зорилготой байдаг. Инженерийн багаас чанарын шаардлага хангасан ус тусгаарлагч систем бүхий дээвэртэй бол танай байшингийн дээврийг заавал шинэчлэхгүй байж болно. Гэхдээ төслийн зүгээс ус тусгаарлагчийг сайжруулахаас гадна дээврийн дулаан алдалтыг бууруулах үндсэн зорилготой тул дулаалгын ажлыг үндсэн дээрийг гэмтээхгүйгээр хийж гүйцэтгэнэ.
Шинээр холигч насос солино гэсэн тэр насос хэр чанартай вэ? Эвдэрвэл хэн хариуцах вэ?
Шинээр суурилуулах холигч насос болон дулааны тоолуур нь хамгийн сүүлийн үеийн, хүчин чадал сайтай холигч насос болон дулааны тоолуур байна.
Манайх өнгөрсөн жил өөрсдийн хөрөнгөөр хөөсөнцөр хавтангаар дулаалсан юм энэ төсөлд хамрагдахын тулд хуучин дулаалгаа буулгах шаардлагатай юу?
Угсармал хийцийн орон сууц нь бетонон хавтангууд холбогдсон байдаг тул зарим хэсгийг нь дулаалбал тухайн хэсэг нь барилгын бусад хавтан, хэсгүүдээсээ өөр физик шинж чанартай болох бөгөөд халах хөрөх процесс нь өөр болдог. Ингэснээр барилгын шоо зааг, залгаас гэмтэж эхэлдэг. Тиймээс нийтэд нь бүхэлд дулаалж шинэчлэх ажлыг хийснээр тухайн орон сууц шинэчлэл үр дүнтэй болох учир хувийн дулаалгыг буулгаж шинэчлэх ажил хийгдэнэ.
Дулаалгын материал сонголт байгаа юу?
Дулаалгын материал нь 2 төрлийн сонголтой. Эхний дулаалга бол EPS буюу 15см-ийн хөөсөнцөр хавтангаар дулаална. Энэ дулаалгын материал угаасан Бетон буюу барзгар гадаргуутай 5 давхар угсармал байшинг дулаалахад тохиромжтой. Дараагийн дулаалгын материал бол чулуун хөвөнгөөр дулаалж төмөр хавтангаар өнгөлгөө сонголт юм. Энэ нь дулаалгын материал нь плитан гадаргуутай болон угаасан бетонон гадаргуутай орон сууцны аль алинд тохиромжтой барилгын материал юм.
Төслийг хаанаас санхүүжилт хийгдэж байгаа вэ?
Төслийг Герман засгийн газар болон Английн засгийн газрын санхүүжилтээр Mitigation Action Facility байгууллага, Барилга хот байгуулалтын яам, Нийслэлийн захирагчийн ажлын албанаас санхүүжүүлж байна.