“УУРЫН АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ЭСРЭГ БИД ЮУ ХИЙЖ ЧАДАХ ВЭ?” БАЙГАЛЬ ОРЧНЫ СЭТГҮҮЛЧДИЙН УУЛЗАЛТ БОЛЛОО.
Германы хамтын ажиллагааны нийгэмлэг, Хэвлэлийн хүрээлэнгийн дэргэдэх “Ногоон дэлхий” клуб хамтран “УУРЫН АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ЭСРЭГ БИД ЮУ ХИЙЖ ЧАДАХ ВЭ?”сэдвээр сэтгүүлчдэд мэдээлэл өгөх уулзалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт Барилга хот байгуулалтын яамны мэргэжилтэн А.Энхтүвшин, Улаанбаатар хотын эрчим хүчний төслүүдийн захирал Дуня Хофманн, Төслийн ахлах мэргэжилтэн, инженер С.Түвшинхүү, Улаанбаатарын хотын захирагчийн ажлын албаны мэргэжилтэн …… Даян дэлхийн ногоон хөгжлийн институтийн төслийн менежер Б.Төгөлдөр нар оролцож Улаанбаатар хотын угсармал орон сууцанд тулгамдаж буй асуудал, шинэчлэх хэрэгцээ шаардлага, болон эдгээр барилгуудыг шинэчилж, эрчим хүчний хэмнэлт бий болгох, санхүүгийн болоод эдийн засгийн өгөөжийн таниулах гэх зэрэг асуудлуудын талаар мэдээлэл өгч, сэтгүүлчидтэй санал бодлоо солилцсон юм.
Төслийн хүрээнд Улаанбаатар хотын угсармал орон сууцуудад ханын болон дээврийн дулаалга хийж, холигч насос, дулааны тоолуурын хамт суурилуулах юм. Ингэснээр иргэд тав тухтай дулаан орон сууцанд амьдрах, үл хөдлөх хөрөнгийн ашиглалт 30 жилээр уртсах боломжтой. Цаашлаад тухайн орон сууцны үнэ цэнэ 10 хувиас доошгүй нэмэгдэж, харагдах өнгө үзэмж сайжрах гэх мэт давуу талтай. Мөн төслийн баг орон сууцны энэхүү шинэчлэлд 10 жилийн баталгаа өгч байна.
Төслийн эхний шатанд Угсармал орон сууцны 150 орчим блокийг дулаалахаар төлөвлөсөн юм. 2022 онд баталсан Төрийн хэмнэлтийн тухай хуулиар улс, орон нутгийн төсөв, нийтийн хөрөнгийг хувийн орон сууцны засвар шинэчлэлд зарцуулахыг хориглосон байдаг. Иймд төсөлд хамрагдахыг хүссэн угсармал орон сууцанд суудаг иргэд хүсэлтээ өгөх шаардлагатай бөгөөд оршин суугчид 100 хувь санал нэгдэж, хүсэлтээ илэрхийлж, санхүүжүүлэх нөхцөлийг хүлээн зөвшөөрснөөр төсөлд хамрагдана.
Сайн байна уу?
Төсөлд хамрагдсанаар 10 жилийн хугацаанд сар бүр хэдэн төгрөг төлөх ёстой вэ? Төлбөрийн чадвар хүрэх эсэхээ мэдмээр байна.
Сайн байна уу? 2023 оны 9-р сард хийгдсэн тооцоогоор нэг метр квадрат талбайд харгалзах хөрөнгө оруулалтын дүн чулуун хөвөнгөөр дулаалахад 229,000 төгрөг орчим болж байна. Та өөрийн амьдардаг орон сууцны метр квадратыг 229,000 төгрөгөөр үржүүлэн хоёрт хувааснаар танд ноогдох төлбөрийг тооцох боломжтой. Иргэд 10 жилийн хугацаанд сар бүр хүүгүйгээр эргүүлэн төлнө. Энэхүү тооцоолол нь 2023 оны 9-р сарын барилгын материалын үнэ ханш дээр суурилсан жишээ үнэ бөгөөд өөрчлөгдөхийг анхаарна уу.